Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд нийтийн тээврийн асуудалд шинэчлэл хийж, чиглэлүүдийг багасгажээ. Энэ асуудалд өөрийн байр суурийг илэрхийллийг зорьлоо. Тус асуудлыг зөвхөн өөрийн ажиглалт дээр тулгуурласан гэдгийг санах хэрэгтэй байх.
Эхлээд бүгдээрээ бодит байдлыг харъя.
Зохиомол эрэлт ба дамжлаг
Та бүхэн гайхаж байгаа байх. Автобус битүү хүнтэй. Эд ачааллын цагаар ч биш энгийн цагаар хүртэл хүнтэй байгааг гайхаж байгаа байх. Учир нь энэ бол зохиомол эрэлт юм.
Нийтийн тээвэрт өмнө нь 70 гаруй чиглэлд 920 автобус үйлчилдэг байсан бол. Одоо доорх зурагт харагдаж буй шиг 50 чиглэлд 700, ачааллын үед 800 автобус үйлчилж байна.
Мэдээж чиглэл багасгасан учраас хүмүүс өмнө нь нэг автобусанд суудаг байсан бол одоо 2-3 автобус дамжих болсон. Дээр нь өдөрт хэдэн ч удаа автобусанд сууж болох учраас дэмий хүлээж суухаар гээд л автобусанд чихэлдээд ч хамаагүй суугаад байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зохиомол эрэлт бий болж байгаа хэрэг. Энэ нь нийтийн тээвэрт суух эрэлтийг 2-3 дахин нэмэгдүүлж байгаа хэрэг. Тиймээс нийтийн тээвэр ачааллаа дааж чадахгүй байгаа юм.
Дээрх үйл явдал дээр тэгш, сондгойгоор автомашиныг зорчуулж байгаа нь нөлөөлсөн гэдгийг бас анхаарах хэрэгтэй.
2014 оны 08 дугаар сарын 30-нд Хөлбөмбөгийн үндэсний лигийн тэмцээнийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хороолол явахын тулд эхлээд ард кино театр орох чиглэл 8 автобусанд суулаа. Буудал дээрээс харсан чинь 3 автобус эгнээд зогсчихсон яг ар араасаа явлаа.
Дараа нь ард кино театр дээр очоод автобус 15 минут орчим хүлээн суухдаа ард кино театрт чиглэл 8 автобуснаас өөр автобус олж харсангүй ( 10 автобус ). Дараа нь их дэлгүүрийн зүүн талын буудал руу алхаад тасалбар зарж байсан эгчээс эндээс хэдэн чиглэл хороолол руу явж байгааг асуувал чиглэл 3, чиглэл 5 гэсэн автобус явна гэлээ. Дахиад 20 минут хүлээлээ. Чиглэл 1, чиглэл 2-оос өөр автобус ирсэнгүй. Дээрх хоёр чиглэлийн автобус ар араасаа цуварсаар явлаа. Гэхдээ битүү хүнтэй. Ингээд хүлээж чадсангүй алхав. Алхаад Peace tower-ийн урд талын автобусны буудал орж байтал чиглэл 3-ын нэг автобус ирсэн нь битүү хүнтэй сууж багтсангүй.
Ийм л дүр зураг энэ хэдэн өдрүүдэд тохиолдлоо. Үнэхээр гамшиг.
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ ба нийтийн тээврийн соёл
Автобуснууд хүн авч явах, хүнгүй явах нь тэдэнд одоо чухал биш. Өмнө нь жолооч болон кондуктор нарт норм тогтоож, гүйцэтгэлийн үнэлгээг нь гаргадаг байсан бол тэр үнэлгээ одоо хамаагүй.
Тийм учраас автобуснууд буудал дээр зогсохгүй байх, хүн суух гэж байхад орхиод явах, буудлын хамгийн урд хүнээ буулгаад бушуухан явах зэрэг зөрчлүүд харагдав.
Нийтийн тээврийн энэ шинэчлэлд хамгийн их бухимдаж буй хүмүүс бол хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, хөгшчүүд юм. Учир нь автобуснууд тэднийг орхиж байна. Хэд хэдэн удаа дээрх үйлдэлтэй таарав.
Мөн автобусанд кондуктор байхгүй. Хааяа нэг орж ирж билет шалгана.
Бүтээмж бууралт ба зардал
Хүмүүст өдөрт 500 төгрөгөө төлөөд явж байгаа нь сайхан санагдаж байгаа байх. Гэхдээ бид 2-3 удаа дамждаг, автобус хүлээдэг гээд цаг хугацаагаа алдаж байгаа нь харамсалтай. Ялангуяа ажил төрөлтэй хүмүүст бол энэ бол гамшиг.
Улаанбаатарчуудын ажлын бүтээмж бууралт, ажил амьдралын баланс алдагдалт бий болж байна. Мэдээж ажил төрөлгүй, өдөртөө 2-3 ажил амжуулах гэсэн хүмүүст дээрх шинэчлэл таалагдаж байгаа хэрэг. Гэхдээ дээрх бодлого нь алс хэтэд маш муу сөрөг нөлөөтэй болохыг хүмүүс анзаарахгүй л байна.
Дээрх шинэчлэлийг зөвхөн 10 хоногт 3.1 тэр бум төгрөгөөр хийсэн сурагтай. Цаашлаад үргэлжилвэл дээрх төсвийг хаанаас гаргах вэ?. Төсөвт маш том эзэлхүүнтэй тэр чигтэй зардал болж байгааг харах хэрэгтэй байх. Энэ мөнгийг хэнээс гаргах вэ? Мэдээж иргэдээс татвар цуглуулах замаар л авна. Тиймээс татварын бүтцээ нэмэгдүүлж, нэг татварыг бий болгоно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, яригдаад байсан 50,000 төгрөгний төв замын татварыг бий болгоно гэсэн үг.
Дээрх нийтийн тээврийн шинэчлэл нь бүхэлдээ дээрх татварыг бий болгоход чиглэсэн нийгмийн сэтгэл зүйг татах гэсэн оролдлого юм.
Ингээд бүгдээрээ бүтээмжээ алдлаа. Ажил төрөлтэй, өөрөө өөрийгөө болгоод явж буй иргэдээсээ татвар авч, ажил төрөлгүй бусдад өгч тэгшитгэл бий болгох гэсэн социалист санаа. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй социализм нуран унасан гол шалтгаан бол амжилттай яваагаа дарлаж, амжилтгүй явааг тэтгэхээс улбаатай. Тиймээс ч бүтээмж буурч, амжилттай яваачуудын тоо буурдаг.
Мэдээж энэ их билет хэвлэлт, болон автобусны чиглэлийн хэвлэлийг нэг компани нь хариуцан авсан байх. Ямар азтай нь хийж байгаа бол. Улс төрд ашиг сонирхолгүй зүйл байхгүй мэт. Хэн нэгэн ажлыг хэн нэгэнд зориулж хийж байгаа нь тун харамсал татам.
No comments:
Post a Comment