Thursday, August 29, 2013

Төр зах зээлд хутгалдвал өлсгөлөн, ядуурал угтдаг

Социалистууд нийгэм дэх үйлдвэрлэлийг юу хамгийн үр дүнтэй болохыг
 тооцоод гаргачихдаг инженерчлэлийн асуудал мэт үздэг. 
Людвиг Фон Мизес
Зах зээл бол инженерчлэлийн тооцоолол биш.
Зах зээл бол инженерчлэлийн тооцоолол биш. Зах зээл бол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн хоорондын худалдах, худалдан авах харилцаа юм. Үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, худалдан авах чадварыг тодорхой мэдээллийн үндсэн дээр тооцоолон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ боловсруулдаг. Үйлдвэрлэгчдийн мэдээллийн систем бол чөлөөт зах зээлийн нийгэмд үнийн систем болдог. Харин социализмд тэрхүү хэрэглэгчдийн хүсэл зоригийг илэрхийлсэн мэдээллийн / үнийн / систем байдаггүй юм.
Социализм зах зээлийг инженерчлэж, үнэ, үйлдвэрлэлийн хэмжээг төрөөс тогтоосноороо тооцооллын систем ажиллана гэж үздэг. Гэвч хүний хүслийг тооцоолох боломжгүй юм. Зах зээл бол хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах эдийн засгийн ухаан билээ. Тийм байтал хүний хүслийг тооцоолж, түүнд нь тааруулсан бүтээгдэхүүнийг яаж үйлдвэрлэх билээ. Социализмд төр зах зээлийн үйл ажиллагаанд оролцож хэрэглэгчдийн худалдан авах чадварыг тэгш байлгахыг зорьдог. Гэвч хүний хүслийг тэгшитгэж / эгалитари / болохгүй.
Социализмд иргэд бус төр нь баяждаг.
Өнөөдөр дэлхийн нийтэд чөлөөт зах зээлийн тогтолцоо үйлчилж байна. Тэд хэрэглэгчдийнхээ эрэлт, хэрэгцээг судлан хэрэглэгч бол хаан гэсэн уриатаагаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Төвлөрсөн төлөвлөгөөт зах зээл нь хэрэглэгчдэд тулгуурласан бус нийгмийн тодорхой институтэд тулгуурласан үйлдвэрлэлийн бодлого баримталдаг нь дэлхий дахинд хоцрогдлыг авчирсан билээ. Өнөөдөр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, зах зээлийн эдийн засгийн талаарх маргааныг хэн ч дэгдээхгүй байх. Учир нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системийг хэрэглэж байгаа улс орнуудад иргэд бус төр нь данхайж, өлсгөлөн ядууралтай нүүр тулаад байгаа билээ. Социализмд иргэд аскетизмтай / өөрийнхөө хэрэгцээг хязгаарлаж, хатамжлах маягаар амьдрах / нүүр тулдаг. Тэд өөрийнхөө хүсэл зориг, хэрэгцээгээ хязгаарлан хатамжилсанаараа эдийн засгаа дээшлүүлнэ гэж үздэг нь эндүүрэл юм.
Монгол зүйр үгэнд Иргэн баян бол төр баян гэсэн үг бий. Харин эдийн засаг бол хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах явдал юм. Дээрх хоёр үгнээс логик гаргалгаа гаргавал иргэн хязгааргүй хэрэгцээгээ хязгаарлах нь нөөцийн илүүдэлд хүргэдэг. Мао зидунь төмөрлөгийн илүүдэл нөөцийг бий болгосоноороо 1 сая хятад иргэд өлсгөлөнгөөр нас барж байсныг санах хэрэгтэй. Иргэд хэрэгцээгээ хязгаарлах аваас хязгаарлагдмал нөөц баялагтай болж, иргэн баялаг бүтээгч бус болно. Ийм л учраас социализмд баялаг бүтээгч иргэн гэсэн ойлголт байдаггүй. Социализмд иргэд нь баян бус төр нь баяждаг. Харин ядууралд автаж байгаа иргэддээ халамжийн бодлого баримталдаг. Ийм учраас төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс орнуудад ядуурал аянга цахилгаан мэт нүүрлэдэг.
Монголын төр Интервенционист бодлого баримтлаж байна.
Монголын төр Интервенционист бодлого баримтлаж байгаа нь ядуурал өдрөөс өдөр ирэх тусам газар авах үндсэн шалтгаан болж байгаа юм.
Засгийн газар Интервенционист / Социализм, Капитализмын хоорон дахь зам, нийгмийн зохион байгуулалтын гуравдахь арга гэж өөрсдийгөө тодорхойлдог. Засгийн тогтоолоор зохицуулж, хянан шалгаж, чиглүүлж байдаг хувийн өмчийн систем / бодлого баримталж байгааг хэд хэдэн үйл явдлууд гэрчилж байна. Төр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон, хувийн бизнессменүүдийн гаргасан хохирлыг төр хариуцсан, өргөн хэрэглээний бараа болон бусад бараа бүтээгдэхүүний үнийг тогтоосон, барилгын салбарт хөндлөнгөөс оролцсон, хувийн хэвшлийг өөртөө нэгтгэсэн, нүсэр төсөв, бүтэц бүхий засгийн газрыг хөхүүлэн дэмжсэн, халамжийн систем нь өргөжсөөр байгаа гээд тоочвол маш олон Интервенционист, этатист социалист маягийн бодлогыг хэрэгжүүлж байна. Иймээс товчхон хэдхэн жишээг дуръдая.
  1. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох.
Монгол улсын сүүлийн 5 удаагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон байдлыг танилцуулж байна.
  • 1998.01.01-ээс ХХДХ-ээг 1 цагийн 71 төгрөг 01 мөнгө
  • 2004.03.01-ээс ХХДХ-ээг 1 цагийн 236 төгрөг 68 мөнгө
  • 2005.07.01-ээс ХХДХ-ээг 1 цагийн 251 òºãðºã 48 ìºíãº, сарын 42500
  • 2007.10.01-ээс ХХДХ-ээг 1 цагийн 535 òºãðºã 71 ìºíãº, ñàðын 90000
  • 2008.01.01-ээс ХХДХ-ээг 1 цагийн 642 òºãðºã 85 ìºíãº, сарын 108000 болгосон шийдвэрүүдийг гаргаж байсан байна.
Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2008 оны 10 сард дараах санал зөвлөмжийг Засгийн газарт санал болгосон байна. Үүнд:
  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохгүй байх. Инфляцийн түвшин өндөр бус, инфляц нь зардлын хүчин зүйлсээс ихээхэн хамааралтай манай улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох нь их төлөв инфляц хөөрөгдөх хүчин зүйл болдгийг өнгөрсөн жилүүдийн туршлага, сургамж харуулж байна. Тэр тусмаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх нь эдийн засгийн, зөвшилцөл дээр суурилсан гэхээсээ илүү улс төрийн хүчин зүйлс, тодорхой намын сонгуулийн бодлого ой холбогдож ирсэн нь нэгэнт илэрхий зүйл билээ.
  • Хэрэв хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үнэхээр тогтоох эдийн засгийн болон нийгмийн бодитой бөгөөд онол, практикийн хувьд маргашгүй үндэслэл байгаа гэж нотолбол түүнийг бүс нутгаан ялгавартай тогтоох нь хувийн хэвшилд төдийгүй нийт ажилтнуудад ач холбогдолтой, бодит байдалд зохицсон механизм болж чадна.
Социалистууд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохыг оролддог. Ингэсэнээрээ ядуурлыг багасгана гэж үздэг. Социалистууд зах зээлд хөндлөнгөөс оролцохдоо улс төрийн шийдвэр гаргадаг. Тэд бизнесс, зах зээлийг мэддэггүй. Учир нь ямарч бизнессмен хүн хэт бага цалингийн системээр бизнесст амжилт олохгүй гэдгийг анхнаасаа мэддэг. Тиймээс зөв төсвөөр, зөв цагт, зөв хүнийг авч ажиллуулахыг зорилгоо болгодог. Сайн бизнесс бол ажилтнуудынхаа сэтгэлзүйн орчноос хамааралтай гэдгийг Японд Тоёота Митцибуши компани нотолсон байдаг. Бодоод үздээ үйлдвэрлэх боломжийн хэрээр ажиллах хүч авч ажиллуулж, түүнийхээ хэрээр тохирсон цалин хөлс олгож чадахгүй бол тэр компани дампуурдаг. Социалистууд эрсдлээс айдаг гэвч эрсдэлгүй бизнесс, эрсдэлгүй амжилт гэж хаана ч байхгүй. Монгол улс өнөөдөр Интервенционист бодлого баримталж буйн жишээ нь энэ. Ардчилсан нийгэмд социализмыг хэрэгжүүлнэ гэсэн эндүүрлээ одоо салах хэрэгтэй.
  1. Барилгын салбарын үнийг тогтоох / 4000 айлын орон сууц  /
Барилгын салбарынхан авилгал , хахуулийн мөнгөө байрны үнэнд оруулж байрны үнэ тэнгэрт хадсан. Угтаа зах зээлийн жамаар бол үнэ буурах үзэгдэл явагдахын өмнө Барилгын салбарт төрөөс 400 гаруй тэр бум төгрөгийн зээл олгосон. Барилгын үнэ буурсангүй, авилгал ч буурсангүй. Зах зээлийн жамаар буруу шийдвэр гаргаж, хууль зөрчин авилгал өгч, түүнийхээ үнийг тэнгэрт тултал тавьсан үнийн мэдрэмжгүй компани нь дампуурах ёстой байдаг. Ингэснээрээ Барилгын компаниуд хаа сайгүй, хүмүүсийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаагүй, үнийн систем буюу мэдээлэлд тулгуурлаагүй үйлдвэрлэл явуулахаа зогсоож хэрэглэгчдийн боломж бололцооны хэрээр үйлдвэрлэлээ явуулах боломжийг эрэлхийлдэг болдог. Ингэснээрээ иргэд байр авах боломжтой болж, барилгын салбар дампуурлаас ангижрах ёстой байдаг. Одоо дахин Барилгын салбар нэг удаа төр даасан одоо дахин даах ёстой гээд төрийн албан хаагчдын 4000 төсөл бариад ороод ирж байна. Барилгын салбарт 500 гаруй тэр бум төгрөг гацаад байгаа гэнэ. Энэ явдлыг хараад барилгын салбар яг Мао Зидунь шиг хэт их бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл барилгын компаниуд хэрэглэгчдийн боломжинд тулгуурлаагүй, зах зээлийн жамаар яваагүйг хэлж байгаа юм. Ийм учраас Барилгын салбар цаашид ч дампуурна. Учир нь төр хатамжлах Интервенционист бодлогоо зогсоогоогүй цагт барилгын салбар уналтанд байсаар байна. Иргэд байр авч чадахгүй хэвээр л байр, төр ч ядуурна бүгд ядуурна. Би үүнийг л хэлээд байгаа юм. Төр хатамжлах бодлого явуулах, зах зээлд хөндлөнгөөс оролцох нь иргэдэд, үйлдвэрлэгчдэд, капиталыг бүтээгчдэд, төрд хортой.
  1. Эрсдэл, хохиролыг төр хариуцах тухай хууль гаргасан.
2009 онд эдийн засгийн хямрал эхэлж Монголын банкны салбарт ихээхэн том цохилт болсон гэж үздэг юм. Төр Банкны баталгааг дааж, эрсдлийг хариуцах болсон шийдвэрийг УИХ-аас гаргасан нь төр бизнессийн ашиг сонирхолын шийдвэр гаргалаа гэсэн хардлага төрүүлсэн юм. Төрийн үүрэг бол иргэдийн эрх чөлөөг хамгаалах явдал болохоос хувийн бизнессийн эрсдлийг хамгаалах явдал биш.  Анод, Зоос дампуурсан үйл явцыг харвал эдийн засгийн хямрал гэхээсээ илүүтэй банкны удирдлагуудын хууль бус үйлдлээс болсон байдаг. 2008 оны сонгуулиар банкны тухай хууль болон холбогдох хууль, журмуудыг зөрчин хэт их зээлийг улс төрчид, бизнессменүүдэд төвлөрүүлэн өгсөнөөр чанаргүй зээлийг бий болгож, чанаргүй зээл нь дампуурлын шалтгаан болсон байдаг. Зөвхөн 2 банкны дампуурал нь 300 гаруй тэр бум төгрөгний алдагдлыг улсын төсөвт авчирсан. Төр хууль зөрчсөгсдийн хохирол төлдөг байгууллага биш. Хууль зөрчсөн үйлдэл бүрийн учирсан хохирлыг төр төлөх ёстой юм бол Говь-Алтайд гарсан малын хулгайн хохирлыг гэмт этгээд бус төр төлөх ёстой. Энэ их энгийн ойлголт хууль зөрчсөн үйлдэлд ялгаа байдаггүй. Хууль зөрчсөн бол хууль зөрчсөн их багын ялгаа гэж үгүй. Гэтэл төр энэ нь их, тэр нь бага гэсэн байдлаар асуудалд хандаж болохгүй. Би төрийг хохирлыг, эрсдлийг даах ёстой гээгүй. Гагцхүү хэрэв банкны эрсдэл, хадгаламж зээлийн хоршооны хохирлыг төр хариуцах ёстой бол бусад хохирлыг ч мөн адил хариуц гэж байгаа юм. Фредрих Бастиа “Хууль” бүтээлдээ: Хуулийг луйвар болгогчид хуульчлагдсан тонуул хийдэг тухай өгүүлсэн байдаг. Этатист Социализм ийм л үр дүн авчирдаг. Өнөөдөр тийм л замаар яваад байгаа учир банк, хадгаламж зээлийн хоршооны хохирлыг төр дааж байгаа юм. Социализмд үйл явдалдаа хууль захирагддаг. Харин эрх зүйт төрд хуульд бүхэн захирагддаг үүнийг санаж Монгол улс 1992 онд аль замаар явах шийдвэрийг гаргасаныг бодох хэрэгтэй.
  1. Хяналт шалгалт, татвар, төсвийн увиагүй систем
Угтаа хяналт шалгалт гэдэг нь хууль зөрчсөн эсэхийг хянах хяналт юм. Зах зээлийн нийгэмд хяналт шалгалт нь хувийн бизнесс үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг зорилго болгодог. Гэвч өнөөдөр Монголд жижиг дунд үйлдвэрлэл, бизнесс эрхлэгчдэд бизнесс эрхлэх боломжийг төр олгодоггүй. Иргэн бизнесс эрхлэхийн тулд төрийн албаны хаалгыг 1 сар түүнээс илүүтэй сахих, бизнесс эрхлэж байх явцдаа хэдэн арваар нь тайлан тэнцэл, баримт бичиг бүрдүүлдэг. Бизнессменүүд зах зээлд өрсөлдөх хамаг цагаа төрийн нүсэр аппаратын өмнө яаж бизнесс явуулах гэж буйгаа тайлагнахад зарцуулдаг. Угтаа төрийн үндсэн үүрэг бол иргэдийн эрх чөлөөтэй байх эрхийг хэрэгжүүлэх. Тэд иргэдийн шударгаар мөнгө олох, бизнесс эрхлэх боломжийг олгох ёстой. Гэтэл төр Патернализм болж хувирсан байна. Иргэд төрд хүүхэд нь гадаа тоглохын тулд тоглох хамаг цагаа ааваасаа гуйж, юу хийх гэж байгаагаа нэг нэгэнгүй тайлбарлан зогсож буй нялх үр шиг л харагдаж байна. Патерналист төрийн бодлого татварын өндөр дарамт учруулдаг. Иргэд мөнгө олох нь буруу болж эхэлдэг. Мөнгө их олвол их л татвар төлнө. Робин Гүүд гээд хүүхэлдэйн киног хүн бүр үзсэн байх. Хүүхэлдэйн киноны ахмад бол яг л төрийн албан хаагчдын өнөөгийн нүүр царай, мэдээж хаан нь төр шүү дээ. Бодоод үздээ та өнөөдөр 100 төгрөгний орлого олсон бол нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварт хамаг орлого чинь явчихна, худалдан авсан бараа бүхэнд чинь НӨАТ шингэсэн байна. Татвараар хэдэн зуун тэр бумыг төр төсөвт төвлөрүүлээд түүнийхээ талыг нь буцаагаад халамжийн системээр тараачихна, үлдсэн талыг нь нүсэр бүтэц бүхий захиргааны зардалдаа шингээнэ. 2010 оны төсвийн нийт зарлага 2,785.4 тэр бум болж нийт алдагдал  358.6 тэрбум төгрөгт хүрсэн нь Патерналист, буянлаг / Welfare state / төрийн бодлогыг харуулж байгаа юм.
Дэлхийн түүхийн хар барааныг бид дагасаар
Бид дэлхийн түүхийн хар барааныг дагасаар явна. 1980-аад онд Корпоратист болон Патерналист буянлаг төрийн бодлого нь эдийн засгийн томоохон алдагдалд хүргэж ажилгүйдэл, ядуурлын түвшин эрс нэмэгдсэн Шинэ Зеландыг бид санаж байгаа байх. Мөн 1980-аад оны АНУ, Англи гэх мэт өөр олон жишээг дурьдаж болох юм. Хууль тогтоогчид өөрсдөдөө төсөв хуваарьлан дахин сонгогдох увиагүй бодлого баримтлаж, хүч түрэмгийлэн шийдсэн нь 1960-аад оны ЗХУ-ыг санагдуулам. Энэ мэт төр зах зээлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох / этатист /, их татвар, их халамж / Буянлаг төрийн үзэл /-ийн бодлого баримтлах нь Монгол улс Ардчилсан, чөлөөт зах зээлийн системээс ухарч, Социал демократ нийгмийг чиг шугамаа болгогч Азийн авторитари капитализмыг бүтээх эрин үе рүүгээ яваад байх шиг.
Ядуурал, гуйланчлал гараа тосон угтах замаар бид аялах ёстой гэж үү?
Ирээдүйг бид өөрсдөө бүтээнэ гэж бурханы сургаальд заасан байдаг билээ. Харин ирээдүй нь харанхуй бараан сүйдэр байгаа бол түүнд нэг ч гэсэн лаа асаа гэсэн онч мэргэн үгс ч бий. Бидний ирээдүй Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт байрлах Африк хэмээх ядуурлын арал шиг зурайж байна. Муу хүн өөрийн алдаанаас суралцдаг сайн хүн бусдын алдаанаас суралцдаг. Харин бид өөрсдийн алдаанаас ч суралцсангүй нүдээ анин зам өөд гүйсээр байна.
Дээр өгүүлсэнчлэн бид дэлхийн түүхийн хар барааныг дагасаар байна. Африкт 6 секунт тутамд нэг хүүхэд өлсгөлөнгөөр нас бардаг.  Бидний ирээдүйд яг тийм дүр зураг зурайж байна. Хүн амын 50 хувь нь хэт ядуу, 6 хувь нь хэт баян гэсэн статистикаас л ирээдүйгээ тодорхойлж болох юм. Гэвч бидэнд боломж байна. Учир нь бидэнд сонголт хийх уулзварууд олон тохиолдож байна. Бид чөлөөт зах зээлийн системийн нэвтрүүлж төр нь Буянлаг төрийн үйл ажиллагаагаа / халамжийн бодлого / зогсоох, татварын дарамтыг бууруулах, эрх зүйт төрийн хариуцлага, импичментийг хэрэгжүүлж, төрийн нүсэр аппаратыг багасгасан цагт бид ядуурал, гуйланчлал руу биш харин эдийн засгийн өндөр хөгжилтэй улс орнуудын жишгээр энх тайван, амар амгалан тийм нийгмийг цогцлоон бүтээж чадна. 1980-аад онд Роналд Реайган авч хэрэгжүүлсэн сайхан туршлагыг, Шинэ зеландын Буянлаг төрийн бодлогоо зогсоосноороо хэдхэн жилийн дотор эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд 3-т орсон түүхээс суралцах асар өргөн боломж бидэнд байна.
Төр зах зээлд хутгалдвал ядуурал, гуйланчлал ирдэг. Ядуурал, гуйланчлал гараа тосон угтах замаар бид аялах ёстой гэж үү? Таны амьдрал таны гарт байна.

Wednesday, August 21, 2013

Онц байдал тогтоосон үед хүний эрхийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт

Онц байдал тогтоосон үед хүний эрхийг хязгаарлах
эрх зүйн зохицуулалт
Оршил
Нийгэмд эрх чөлөө гэдэг бол бие хүнээр ярьвал эрүүл мэнд л гэсэн үг.
Эрүүл мэндээ алдсан хүнд үхэл л үлддэг. Нийгэм ч мөн л адил,
эрх чөлөөгөө алдвал сайн сайхан юу ч үзэхгүй.
Хенри Болингброк
            Эрүүл мэнд, эрх чөлөө хоёр хүнд байгалиас заяагдсан өмч юм. Хүн эрүүл мэндгүйгээр амьд явах аргагүйтэй адил эрх чөлөөгүйгээр оршин байх боломжгүй юм. Хүн бүр өөрөө, өөрийнхөө эрүү мэнд, эрх чөлөөг захирах эрхтэй. Хэн ч тэрхүү эрхийг нь булаан авах эрхгүй, тийм боломж ч байхгүй юм.  
Байгалийн хуулийн талаарх дээрх санаанууд XVIII зуунд (1215 оны Английн Харти, 1628 оны Эрхийн тухай айлтгал, 1689 оны эрхийн тухай хуульчилсан акт кэрэг баримт бичгүүдийг эс тооцвол) Англи, Америк, Францын үндсэн хуульд тусгалаа олсоноор төрөөс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүргийг анх (Сонгодог утгаараа) хуульчилсан юм.[1] Эдгээр баримт бичгийн үзэл санаа бусад улсад дэлгэрсээр баяжсаар XX зууны босгыг алхаж олон орны үндсэн хуульд тусгалаа олжээ. Гэвч XX зууны бараг хоёрдугаар хагасыг хүртэл хүний эрхийг улс бүрийн дотоод асуудал хэмээн ойлгож иргэндээ ямар эрх олгож, үүрэг ноогдуулах нь тухайн төрийн бүрэн эрхийн хэрэг гэж албан ёсны хүрээнд үзэж байжээ. [2]
Хүний эрхийг хүлээн зөвшөөрч, олон улсын хуулиар хамгаалах арга хэрэгслүүдийг бий болгосон явдал бол магадгүй өнгөрсөн зууны хамгийн чухал ёс суртахууны дэвшил байж болох юм.[3] 1948 оны 12 сарын 10-нд Хүний эрхийн түгээмэл тунхаглал, 1966 онд Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт, эдийн засаг, нийгэм соёлын эрхийн олон улсын пакт батлагдсан (Хүний эрхийн билль) нь хүний эрх, эрх чөлөөг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, дэмжих олон зуун жилийн хүсэл зориг, оролдлогуудын үр дүнгийн илрэл болсон юм. Хэдийгээр дэлхий нийтээр хүний эрхийг хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаа ч төр хүний эрхийг хуулийн хүрээнд болон хууль бусаар хязгаарлах явдал өсөн нэмэгдсээр байна.
Зайлшгүй нөхцөл байдал үүссэн, бусад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгын үүднээс гагцхүү хуулиар хүний эрхийг хязгаарлах нь ардчилсан нийгэмд төрөөс хүний эрхийг хамгаалах, хүний эрхийг хангах чухал зарчим болдог.
Монгол улс 1992 онд Ардчилсан үндсэн хуулиа баталсанаар хүний эрх, эрх чөлөөг төрөөс хамгаалах эрх зүйн үзэл баримтлалыг хуульчилж, хүний эрх, эрх чөлөөг төрөөс хязгаарлах үндэслэл, журмыг анх зохицуулсан юм. Үндсэн хууль батлагдсан 16 жилийн түүхэнд төрөөс хүний эрхийг хязгаарлах анхны тохиолдол гарч Монгол улсын нутаг дэвсгэрээр чөлөөтэй зорчих эрх, хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан нь эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, органик хуулийг боловсруулан батлах зүй ёсны шаардлагатайг харуулсан юм.  Энэхүү илтгэл нь Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах өнөөгийн эрх зүйн зохицуулалтыг эрх зүйт ёсны үүднээс судлан, өөрийн үзэл баримтлалыг хуваалцахад чиглэгдсэн болно.
            Хүний эрхийг хязгаарлах тухай ойлголт
Эрх зүйт төрийн үндсэн зарчим нь төр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүргийг иргэнийхээ өмнө хүлээдэгт оршино.
Монгол улсын Үндсэн хуулийн 19-р зүйлийн нэг дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”[4] хэмээн заасан нь Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, НҮБ-ын гишүүний хувьд олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй эрх зүйн хэлбэр төдийгүй, эрх зүйт төрийн үндсэн зарчмыг хуульчилсан явдал юм.
Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн баталгаа нь хөндөгдсөн эрхийг сэргээх хууль зүйн боломжийг бүрдүүлэх, бусдын эрх, эрх чөлөөг зөрчих явдалтай тэмцэх, зөрчигчдөд хүлээлгэх хууль зүйн хариуцлага оногдуулах зэргээр тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу (Гагцхүү эрх зүйт ёсны үүднээс) хязгаарлах нь бусдын эрх, эрх чөлөөг хөндөгдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой ( Гэвч төр засаг урьдчилан сэргийлэх зорилго нэрийдлээр хүний эрхийг зөрчих явдал ихэссээр байна. ) байдаг тул зарим талаар (өнөө хэр судлаачдын маргаантай байгаа асуудал юм) хүний эрхийн баталгаа болдог.
Ер нь хүний эрхийг хязгаарлана гэдэг бол хамгийн эмзэг бөгөөд маш болгоомжтой ханддаг асуудал мөн билээ. [5]
“Олон улсын стандартаар нийгмийн дэг журам, ёс суртахууныг алдагдуулсан үндэсний аюулгүй байдалд харшилсан, бусдын эрхэнд халдсан гэх мэт онцгой үндэслэлүүдээр тодорхой эрхүүдийг хязгаарлахыг зөвшөөрдөг.[6] Гэвч, зарим тодорхой эрхүүдийг ингэж хязгаарлаж болдоггүй байж болно.” [7]
Эрх зүйт ёсны үүднээс хүний эрхийг хязгаарлах явдлыг дараах хоёр утгаар тайлбарладаг. Нэгдүгээрт, хууль / бусдын эрх / зөрчсөн этгээдэд зөвхөн хууль тогтоомжинд заасан үндэслэлээр тодорхой эрхийг шүүхийн шийдвэрээр хязгаарлах, хоёрдугаарт, үндэсний аюулгүй байдал, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор онцгой нөхцөл байдал үүссэн үед зөвхөн хууль тогтоомжинд заасан үндэслэлээр эрх зүйн онцгой дэглэм үүсгэх замаар хүний позитив эрхийг хязгаарлах.
Дарангуйллын (Авторитар, тоталитар засаглалд) нийгэмд хүний эрхийг хуулиар хязгаарлах явдал их байдаг. Хүний эрхийг хуулиар хязгаарлах явдал ихсэх тусам хүний эрх зөрчигдөх явдал төдий чинээ ихэсдэг. Ардчилсан нийгэмд хүний эрхийг хуулиар хязгаарлах явдлыг аль болох хориглодог.  
Ардчилсан эрх зүйт нийгэмд хүний үндсэн эрхийг хоёр талаас аюул заналхийлж байдаг.
  1. Зохион байгуулалттай гэмт хэргээс өөрийгөө хамгаалах чадваргүй, үүнээс үүдэн хувь хүний аюулгүй байдал алдагдахад хүрэх хэтэрхий сул төр
  2. Үндсэн хуулиа тоомсорлодоггүй, ямарч хяналтгүй хэтэрхий хүчтэй төр[8]
Нэг талаас хэтэрхий сул төр болохгүйн тулд хүний эрхийг хууль зүйн аргаар хамгаалж, зөрчигчдийн тодорхой эрхийг хязгаарладаг ч, нөгөө талаас төрд эрх мэдэл хэт төвлөрөх нь хүний эрхийг хуулиар хязгаарлан хуульчлагдсан тонуул болон хувирдаг.
Иймд хүний эрхийг хуулиар хязгаарлахад дараах үндэслэлүүдийг баримтладаг.
Хязгаарлах үндэслэл, зарчим
Аливаа эрхийг хязгаарлах буюу түүнд хөндлөнгөөс оролцохыг зөвтгөх зарчмуудыг олон улсын хууль цаазанд сайтар тогтоож өгсөн байдаг. Үүнд, хуулиар зааж өгсөн хязгаарлалтууд, мөн хууль ёсны зорилгын үүднээс хийгдсэн хязгаарлалтууд, өөрөөр хэлбэл тухайн хязгаарлах зорилгыг олон улсын стандартаар тодорхой зөвшөөрсөн байх, түүнчлэн хязгаарлалт хийх буюу хөндлөнгөөс оролцох зайлшгүй шаардлага нь ардчилсан нийгмийн тухай ойлголтоос урган гарсан байх зэрэг зарчмыг хэлж болно. Үүнийг практик дээр тухайн засгийн газар аливаа эрх, эрх чөлөөг хязгаарлах арга хэмжээгээ зохих хэмжээнд гүйцэтгэсэн буюу хэтрүүлээгүй гэдгээ харуулах ёстой гэж ойлгоно.[9]
Хуулиар зааж өгсөн байх.
Үндсэн хуульт ёсны үзэл баримтлалаар гагцхүү ардчилалын зарчмаар гарч ирсэн хууль тогтоогч л хуулиар эрх олгосон тохиолдолд төрийн зүгээс иргэний үндсэн эрхийг хөндөж болно. Хуульгүйгээр засгийн газар ч тэр, шүүх ч тэр үндсэн эрхийг хөндөх ёсгүй. [10] Ардчилалын зарчим гэдэг нь ард түмний засаглалын хэлбэрийг хэлж байгаа бөгөөд шударга, чөлөөт сонгуулийн үр дүнд бий болсон иргэний төлөөлөл бүхий хууль тогтоогч буюу парламентаас үндсэн эрхийг хууль тогтоомжинд заасан үндэслэлийн дагуу хязгаарлаж болдог. Гагцхүү хуулийн үндэслэлүүд нь эрх зүйн формаль шаардлагыг хангаж байх учиртай. [11] Үндсэн хуульт ёсны онолоор жам ёсны эрхийг ямарч тохиолдолд хязгаарлахыг хориглодог. Хууль нь тэгш эрх, алагчлахгүй байх зарчимд үндэслэсэн байхыг шаарддаг. “Lex injusta non est lex” [12]
Хууль ёсны зорилгын үүднээс хийгдсэн байх
Хууль ёсны зорилго нь олон улсын стандартаар тодорхой зөвшөөрсөн байхыг шаарддаг бөгөөд энэ нь Нийтийн аюулгүй байдлыг хамгаалах (Нийтийн аюулгүй байдалд хор хөнөөл учрах онц нөхцөл байдал үүссэн үед), хүний эрүүл мэндийг хамгаалах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгын үүднээс тогтоосон хязгаарлалт хийж болно гэж үздэг. Нөгөө талаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн (стандарт) зорилгыг хуульчлахыг шаардах бөгөөд гагцхүү хуульд заасан зорилгын үүднээс хүний эрхийг хязгаарлах олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ татгалзаагүй гэж үзнэ.  Харин олон улсын стандартад эрхийг хөсөрдүүлэх (үгүй хийх), пактад зааснаас их хэмжээгээр хязгаарлахад чиглэсэн хязгаарлалтыг хүлээн зөвшөөрдөггүй.[13] Гэвч практикт улс орнууд тодорхой бүлгийн эрхийг хязгаарлах (өөрөөр хэлбэл ялгаварлах шинжтэй), пактад зааснаас их хэмжээгээр буюу хүний үндсэн эрх болон эрх зүйт ёсны зарчмаас ухарсан хязгаарлалтыг тогтоодог нь хууль ёсны зорилгын үүднээс бус улс төрийн зорилгын үүднээс ихэвчлэн хуулиар хязгаарлалт тогтоодог.
Харьцангуй байх зарчим буюу зохих хэмжээнд хязгаарлах
Аливаа эрх, эрх чөлөөг хязгаарлах арга хэмжээ нь зохих хэмжээнд буюу хэтрүүлэхгүй байх нь төрийн эрх мэдлээ хэтрүүлэх явдлыг хязгаарлах үндэслэл болдог. Онц байдал тогтоосон үед хүний эрх зөрчигдөх магадлал өндөр байдаг тул төрөөс онц байдал тогтоосон үед тухайн нөхцөл байдалд тохируулан хязгаарлалтыг зохист (илүү ч үгүй, дутуу ч үгүй. Тухайн нөхцөл байдал тохирсон) хэмжээнд хязгаарлах зарчим юм. Нийтийн эмх замбараагүй байдал нь ихэвчлэн төр, иргэний үл итгэлцлийн харилцаа байдаг бөгөөд энэ үед төрөөс хүний эрхийг хязгаарлахдаа (Авторитар төрд) аль болох хязгаарлалтыг хэтрүүлдэг учир энэхүү зарчмыг баримтлахыг шаарддаг. Энэ нь хүний эрхийг хязгаарлах үндэслэл, хязгаарлалт нь рациональ хандлагыг шаарддаг.
Үндсэн эрхийг төрийн зүгээс хязгаарлах үндэслэлүүд өдгөө нэг мөр шийдэгдээгүй боловч (дээр дурьдсан үндэслэл, зарчмаас гадна) дараах хэдэн үндэслэл дээр хуулийн эрх зүйчид маргадаггүй юм. [14]
Үндсэн хуулийг өөрчилж үл болох хэсгийг хөндөхгүй байх
Үндсэн хуульт ардчилсан улс орнууд онц байдал тогтоосон үед үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглодог. Энэ нь хүний эрх, эрх чөлөө үндсэн хуулиар хамгаалагддаг бөгөөд төрөөс хүний эрхийг үндсэн хууль өөрчлөх замаар хязгаарлалт тогтоохыг хориглосон явдал юм. Нөгөө талаар үндсэн хуульд ямарч тохиолдолд хөндөж үл болох (жам ёсны болон позитив зарим эрхүүд) эрхийг тусгадаг. Тухайлбал, АНУ-ын үндсэн хуулийн нэгдүгээр нэмэлтэд Конгресс ямар нэг шашныг албан ёсны болгон тунхаглах буюу түүнийг чөлөөтэй шүтэх, үг хэлэх, эсвэл хэвлэлийн эрх чөлөөг хориглосон, засгийн газарт хандаж санал гомдлоо барагдуулах тухай өргөх бичиг барьж тайван жагсаал, цуглаан хийх ард түмний эрхийг хязгаарласан нэг ч хуулийг конгресс гаргах ёсгүй. [15] гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Онц байдал тогтоосон үед ч, ямарч үед амьд явах, эрх чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх, боолчлолоос ангид байх, гэм буруутай үйлдэлдээ зохис ёсны шийтгэл хүлээх, Халдашгүй дархан байх, эрх зүйн чадвартай байх эрх[16]ийг олон улсын стандартад хөндөхийг хориглодог. Харин ардчилсан улс орон бүр үндсэн хуульдаа өөрийн улс орны эрх зүйн онцлогийг харгалзан зохицуулсан байдаг.
Эрх зүйт ёсны үндсэн зарчмыг хөндөхгүй байх
Төрөөс үндсэн эрхийг хязгаарлахад зайлшгүй баримтлах ёстой Үндсэн хуульт ёсны бас нэг шаардлага бол эрх зүйт ёсны үндсэн зарчмуудыг хүндэтгэх явдал билээ. Энэ нь ямарч тохиолдолд эрх зүйт ёсоор баталгаажсан хувь хүний салшгүй эрхүүдийг хөндөх ёсгүй гэсэн үг.[17] Өөрөөр хэлбэл, өргөдөл гомдол гаргах, шийдвэрлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх, өөрийг нь буруутгаж буй нотлох баримттай танилцах, хууль зүйн туслалцаа авах гэх мэт.
Түр зуурын шинжтэй байх.
Эрх зүйн онцгой дэглэм, хүний эрхийг төрөөс хязгаарлах явдал нь ардчилсан нийгэмд аль болох байж үл болох үйл явдал юм. Тиймээс төрөөс хүний эрхийг хязгаарлах явдлыг аль болох багасгах (байхгүй болгох), тийм нөхцөл байдал бий болох эдийн засаг, нийгмийн суурь нөхцлийг бүрдүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй юм.
Төрөөс үнсэн эрхийг хязгаарлах нь явдал түр зуурын шинжтэй байхыг шаарддаг. Нийтийн аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй нөхцөл байдал арилсан бол хүний үндсэн эрхийг хязгаарласан хуулийг шууд хүчингүй болгох ёстой. Энэ нь онц байдлыг тодорхойгүй хугацаагаар зарлан хүний үндсэн эрхийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм. Түр хугацаа гэдэг нь байж болох хамгийн бага хугацааг ойлгох бөгөөд шаардлагатай (тухайн нөхцөл байдал, учруулж болох үр дагавар арилаагүй) бол тодорхой (Аль болох бага) хугацаагаар ардчилсан сонгуулиар бий болсон төлөөллийн байгууллага сунгадаг.
Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат хуульч, ШУ-ны доктор, профессор Б.Чимид “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” бүтээлдээ төрөөс үндсэн эрхийг хязгаарлах үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан байна.
Улс гүрнүүд үндсэн хуульдаа хүний салшгүй эрхийг хүлээн зөвшөөрч баталгаажуулахын зэрэгцээ хүний бусад (Позитив) эрхийг хязгаарлах наанадаж гурван болзол тогтоосон байдаг. Энэ нь
  1. Зөвхөн хуулиар шийдвэрлэнэ.
  2. Зөвхөн онцгой нөхцөлд буюу улс орны аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, нийгмийн дэг журмыг хамгаалах зэрэг хуульд урьдчилан заасан үндэслэл баримтлана.
  3. Тодорхой хүнд зориулсан, ялгаварлан гадуурхсан хязгаарлалт байж болохгүй гэж үздэг байна.[18] (дээрх үндэслэлүүд нь өмнө өгүүлсэн үндэслэлүүдтэй зарчмын зөрөөгүй тул дэлгэрүүлж авч үзэхгүй болно.)
Хязгаарлалтын хязгаарлалт
            Үндсэн хуульт ардчилалд төрөөс үндсэн эрхийг хязгаарлах үндэслэлд хязгаарлалт тогтоодог. Нөгөө талаар төрөөс үндсэн эрхийг хязгаарлах хязгаарлалтад орон зай, цаг хугацааны хязгаарлалтыг тогтоож өгдөг. Тухайлбал: Хүний үндсэн эрхийг хязгаарлахдаа тухайн нутаг дэвсгэрт хязгаарлалт тогтоох, хугацааны хувь түр зуурын шинжтэй байх зарчим баримтлах, аль болох бага хугацаанд хязгаарлах зэрэг хязгаарлалтыг тогтоож өгдөг. Зарим улс орнууд цаг хугааны хязгаарлалтыг 7-14 хоногоор тогтоож өгдөг бөгөөд шаардлагатай бол шударга, чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнд бий болсон төлөөллийн байгууллага зайлшгүй шаардлагатай гэж үзвэл мөн дээрх хугацаагаар сунгаж болдог байна. Мөн эрх зүйн хэлбэрийн хувьд хязгаарлалт тогтоодог. Тухайлбал, хүний эрхийг зөвхөн хуулиар хязгаарлах бөгөөд тухайн хууль нь хэвлэн нийтлэгдэж байж хүчин төгөлдөр болох зохицуулалт ч бий.
Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах
эрх зүйн зохицуулалт, өнөөгийн байдал
Үндсэн хуулийн зохицуулалт
Монгол улсын үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах зохицуулалтыг дараах байдлаар тусгажээ. Үүнд:
  1. Зөвхөн Онц[19] болон дайны[20] байдал зарласан үед хязгаарлаж болох. Онц байдал зарлах үндэслэл, журмыг нарийвчлан зохицуулсан.
  2. Гагцхүү хуулиар хязгаарлах. Ерөнхийлөгч онц болон дайны байдал зарлах зарлиг гаргах бөгөөд түүнийг нь УИХ-аас батлах, хүчингүй болгох эрхтэйгээр зохицуулсан нь хяналт тэнцлийн зарчимд нийцүүлсэн төдийгүй, Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөөг хэт[21] хязгаарласан, хэт урт хугацаагаар онц байдал тогтоон хүний эрхийг хязгаарлавал Ерөнхийлөгчийн зарлигийг УИХ хүчингүй болгох, харин УИХ-аас дээрх шинжийг агуулсан хууль гаргавал Ерөнхийлөгч хориг тавих зэрэг бие биедээ хяналт тавих боломжтойгоор зохицуулсан.
  3. Хүний салшгүй эрх болох Амьд явах, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх, эрүү шүүлтээс ангид байх эрхийг үл хөндөхөөр зохицуулсан.
  4. Онц байдал зарласан үед үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй байхаар зохицуулсан. 
Органик хуулийн зохицуулалт
            Онц байдлын тухай хуулиар хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах зохицуулалтыг дараах байдлаар тусгасан байна. Үүнд:
  1. Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах хүрээг үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцүүлэн,[22] Монгол улсын олон улсын гэрээгээр хүний эрхийн талаар хүлээсэн үүрэгт нийцэж байх, ялгаварлалгүй байх зарчим, онц байдал тогтоосон нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт хамруулахгүй байх[23] орон зайн хязгаарлалтын зарчмуудыг тусгасан байна.
  2. Шүүхийн үйл ажиллагааг онц байдал зарлах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу явуулах, шүүхийн нутаг дэвсгэрийн харъяалалыг өөрчилж болох.[24]
  3. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй байх. [25]
  4. Сонгох, сонгогдох эрхийг онц байдал дуусгавар болох цуцлах хүртэл сонгууль, санал асуулга явуулахыг хориглох.[26]
  5. Ерөнхийлөгчийн зарлигт Онц байдал зарлах үндэслэл, онц байдлын зорилго,  онц байдал хамрах нутаг дэвсгэр, үргэлжлэх хугацаа (эхлэх болон дуусах), хүний эрхийг хязгаарлах хүрээ заагийг заасан нөхцөлд нийцүүлэн тогтоох, авах арга хэмжээ, тус арга хэмжээг шууд хариуцах төрийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрх, УИХ-ын шийдвэр болон хүчин төгөлдөр болох хугацааг заавал тусгасан байх.[27]
  6. Гадаадын иргэн, харъяалалгүй хүн, Монгол улсын иргэн нэгэн адил үйлчлэх.[28]
Монгол улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийн зохицуулалт
Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт
4 дүгээр зүйл
  1. Улс үндэстний амьдралд аюул занал тулгарч, энэ тухай албан ёсоор зарлаж нийтийг хамарсан онц байдал тогтоосон үед энэхүү Пактад оролцогч улс уг Пактаар хүлээсэн үүргээсээ тухайн нөхцөл байдлын хурцадмал шинжид дүйх хэмжээгээр ухарсан арга хэмжээ авч болох бөгөөд тэр нь олон улсын эрх зүйгээр хүлээсэн бусад үүрэгт нь харшлах ёсгүйгээс гадна зөвхөн арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг буюу нийгмийн гарлаар алагчилах явдалд хүргэхгүй байх ёстой.
  2. Энэ заалт нь 6, 7, 8, /1, 2 дахь хэсэг/, 11, 15, 16, 18 дугаар зүйлээс ямар нэгэн байдлаар ухрах үндэслэл болохгүй.
  3. Ухрах эрхээ хэрэгжүүлж буй, энэхүү Пактад оролцогч аливаа улс ухарч байгаа заалт болон ухрах болсон шалтгааны талаар уг Пактад оролцогч бусад улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар уламжлан даруй мэдэгдэх ёстой. Түүнчлэн ухарсан үүргээ сэргээсэн хугацааг мөнхүү зуучлагчаар уламжлан мэдэгдсэн байх ёстой.
5 дугаар зүйл 
  1. Аливаа улс, бүлэг буюу хувь этгээд энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн аливаа эрх, эрх чөлөөг үгүй хийх буюу тэдгээрийг түүнд зааснаас илүү хэмжээгээр хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах буюу үйлдэл хийх эрхтэй мэтээр энэхүү Пактын заалтуудыг мушгин тайлбарлаж болохгүй.
  2. Энэхүү Пактад оролцогч аливаа улсад хууль, конвенц, журам, заншлаар хүлээн зөвшөөрсөн буюу хэрэгжүүлж байгаа хүний аливаа үндсэн эрхийг тус Пактад хүлээн зөвшөөрөөгүй буюу доогуур хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн гэх шалтгаар хязгаарлах буюу бууруулж болохгүй.[29]
Дүгнэлт
Энгийн үед ч төрийн зүгээс иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж, эрх, эрх чөлөөнд нь ноцтойгоор халдах эрсдэл өндөр байдаг тул онц байдал зарласан нөхцөлд энэ эрсдэл улам бүр өндөр болдог билээ. Учир нь онц байдлын үеэр төр иргэдийн хяналтаас улам бүр хамгаалагдаж, төрийн эрх барьж буй цөөн тооны этгээд хэвийн үед эдэлдэг эрх мэдлээсээ хамаагүй илүү эрх эдэлж, нийгмийн аюулгүй байдлыг хангах нэрийдлээр иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төрийн үйл ажиллагааг хянах, шүүмжлэх, эвлэлдэн нэгдэх, тайван замаар жагсаал цуглаан хийх зэрэг иргэний болон улс төрийн эрх, түүнчлэн амьд явах, эрүү шүүлтээс ангид байх, хуулиар хамгаалуулах, гэм буруу нь тогтоогдоогүй нөхцөлд гэм буруугүйд тооцогдох зэрэг суурь эрхүүдийг зөрчиж, иргэдийг хэлмэгдүүлэх явдал хавтгайрах аюул учирдаг.
            Онц байдал тогтоосон үед хууль ёсны зорилгын үүднээс эрх зүйт төр, ардчиллын үндсэн зарчимд тулгуурлан төрөөс хүний тодорхой эрхийг хязгаарлахыг зөвшөөрдөг. Үндсэн хуульт ардчилалд төрөөс хүний эрхийг хязгаарлахдаа салшгүй эрхийг хязгаарлахыг хориглодог. Салшгүй эрх бол нэг нь нөгөөгүйгээр оршин байх боломжгүй бөгөөд салшгүй эрхүүдийг салгаж хязгаарлах нь буруу юм.
2008 оны 07-р сарын 01-нд Ерөнхийлөгч онц байдал тогтоосон зарлиг гаргасан нь 20 жилийн ардчиллын түүхэнд хүний эрх, эрх чөлөөний халдашгүй байдлыг шалгасан томоохон шалгуур болсон төдийгүй онц байдал тогтоосон үед хүний эрхийг хязгаарлах эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдлыг илэрхийлсэн илэрхийлэл болсон юм. Монгол улс Ардчилсан үндсэн хууль баталсан 18 жилийн туршлагад болсон дээрх үйл явдал нь эрх зүйн зохицуулалтыг зарим талаар эргэн харах боловсронгуй болгох зайлгүй шаардлага байгааг нотлон харуулсан болно.
Дээрхээс үзвэл Монгол улсын үндсэн хууль, онц байдлын тухай хууль, хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Монгол улсын олон улсын гэрээ зарим талаараа зөрчилдөж байна. Тухайлбал,
Нэгдүгээрт
Монгол улсын үндсэн хуулийн 10-р зүйлд “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”  гэж заасан байдаг. Иргэний болон улс төрийн эрхийн пактын 4-р зүйлийн хоёр дахь хэсэг 7 үндсэн эрхийг улс орнууд хуулиар хязгаарлахыг хориглосон заалт байдаг билээ. Монгол улсын үндсэн хууль органик хуульд үндсэн 4 эрхийг үл хөндөхөөр зааж бусад эрхүүдийг хууль тогтоомжинд заасны дагуу хязгаарлах эрх зүйн боломжийг бүрдүүлсэн билээ. Тухайлбал, эрх зүйн чадвартай байх, эрх чөлөөтэй байх, боолчлолоос ангид байх, халдашгүй байх, гэм буруутай үйлдэлдээ зохих ёсны шийтгэл хүлээх зэрэг эрхүүдийг үл хөндөхөөр заагаагүй байна. Энэ нь дараах асуудлыг үүсгэхэд хүргэж байна. Тухайлбал, иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактад заасан (Үндсэн хуульд тусгагдаагүй) дээрх эрхүүдийг ерөнхийлөгчийн зарлигаар онц байдлын үед хязгаарласан гэж бодвол Үндсэн хуулийн цэцэд хандахад цэцээс үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үү? Нэг талаас Монгол улсын олон улсын гэрээ нь дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ, нөгөө талаас үндсэн хуульд үл хөндөгдөх эрхэд дээрх эрхүүд тусгагдаагүй. Үндсэн хууль, олон улсын гэрээ зөрчилдвөл олон улсын гэрээг дагаж мөрдөхгүй ч үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдсөн гэж үзэхгүй. Иймд Ерөнхийлөгч дээрх эрхийг хязгаарласан тохиолдолд эрх зүйн хамгаалалт тодорхой бус байгаа юм.
Хоёрдугаарт
Онц байдал тогтоох нь зарим хүний эрхийг хязгаарлах эрх зүйн боломжийг олгодог. Ардчиллын зарчимд Онц байдал тогтоон хүний эрхийг хязгаарлахдаа зөвхөн хуулиар хязгаарлах, тэрхүү хуулийг чөлөөт, шударга сонгуулийн үндсэн бий болсон парламент батлах хатуу зарчмыг баримталдаг. Монгол улсын үндсэн хуулийн 19-р зүйлийн хоёр дахь хэсэгт “...үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлана” гэж заасан байна. Гэвч үндсэн хуулийн 33-р зүйлийн 1  хэсгийн 12 дахь заалт, Онц байдлын тухай хуулийн 5-р зүйлийн 3-т “Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй  тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал  уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй  бол уул зарлиг хүчингүй болно.” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, Онц нөхцөл байдал нь чуулганы чөлөө цагт таарвал хойшлуулашгүй тохиолдолд Ерөнхийлөгч онц байдал зарлах зарлиг гаргана. Зарлигт хүний эрхийг хязгаарласан тохиолдолд УИХ 7 хоногийн дотор батлах эсхүл хүчингүй болгоно. 7 хоног бол хүний эрхийг хязгаарлах, зөрчигдөх нилээдгүй их хугацаа юм. Нөгөө талаар Үндсэн хуульд гагцхүү хуулиар хязгаарлана гэсэн атал УИХ-ын шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлигаар хүний тодорхой эрхийг хязгаарлах талаар тусгагджээ. Энэ нь ардчиллын зарчмыг зөрчихөөс гадна онц байдлын тухай хуулийн 5 зүйл, үндсэн хуулийн 19 зүйлтэй зөрчилдөж байна. Гагцхүү хуулиар хязгаарлах нь эрх зүйт төрийн үндсэн зарчим бөгөөд хяналт тэнцлийн зарчмын хувьд хуулиар хязгаарлах нь зүйд нийцнэ.
2008 оны 07-р сарын 01-нд нийтийн эмх замбараагүй байдал үүсч Ерөнхийлөгч онц байдал зарласан зарлиг гаргаж, 2009 оны 07-р сарын 02-нд УИХ-аас ерөнхийлөгчийн зарлигийг баталсан юм. Ерөнхийлөгчийн зарлигт нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрх, худалдах, худалдан авах эрх (зөвхөн согтууруулах ундаа)-ийг хязгаарласан байна.
            Гуравдугаарт
            Онц байдлын тухай хуулийн 16-р зүйлийн 3 дахь хэсгийн 7 дахь заалтад “онц байдал зарласан нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй оршин сууж байгаа бөгөөд онцгой дэглэм сахиулахад саад учруулсан этгээдийг байнга оршин суух газарт нь, эсхүл онц байдал тогтоогоогүй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж рүү албадан гаргах” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, зохих зөвшөөрлийг хэнээс авах? Зохих зөвшөөрөлтэй гэдгийг ямар баримт бичгээр тодорхойлох нь учир битүүлэг юм. Учир нь эрх зүйн үүднээс иргэний үнэмлэх нь эрх зүйн нотолгоо болдог. Хэрэв иргэний үнэмлэх дээрх хаяг дээр байхгүй өөр газар хоног төөрүүлж буй бол зөвшөөрөлгүй гэж үзэх үү? Эсхүл гэр оронгүй гудамжинд амьдардаг хүмүүсийг зөвшөөрөлгүй оршин суугч гэх үү? Энэ нь ялгаварлан гадуурхах бодлого баримтлаж буй хэрэг төдийгүй нөгөө талаар хүний эрхийг ноцтойгоор зөрчих үндэслэл болох юм.
            Дөрөвдүгээрт
            Үндсэн хуулийн 19-р зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрхийг ямарч тохиолдолд үл хөндөх 4 эрхийг зааж өгсөн байдаг. Харин Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно.” гэж заасан нь онц байдал зарласан үед ч хамааралтай болж байна. Энэ нь хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар онц байдал тогтоосон үед хязгаарлахыг хориглосон органик эрх зүйн зохицуулалтын нэгэн хэлбэр болсон юм. Гэвч 2008 онд онц байдал зарласан зарлигт хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан нь үндсэн хуультай зөрчилдөөгүй ч, хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчсөн хэрэг болсон юм.

Санал
1.         Үндсэн хуулийн 19.2-д заасан ямарч үед үл хөндөх эрхүүдэд хүний салшгүй эрх, эрх зүйт ёсны эрхүүдийг үл хөндөхөөр тусгах. Тухайлбал, онц байдал тогтоосон үед, ямарч тохиолдолд өргөдөл гомдол гаргах, хянан шийдвэрлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх, хөндөгдсөн эрхээ сэргээлгэх зэрэг эрх зүйт ёсны эрхүүд, мэдээлэл авах, түгээх эрх чөлөө, тайван жагсаал цуглаан хийх, үг хэлэх эрх чөлөө зэрэг үндсэн эрхүүдийг үл хөндөх.
2.         Үндсэн хууль Органик хуулиудын уялдаа холбоог сайжруулж, органик хуулиар хүний эрхийг хязгаарлах зохицуулалтыг илүү нарийвчлан зохицуулах
3.         Хүний эрхийг хязгаарлах үндэслэлүүдийг хязгаарлах зохицуулалтыг тусгах
4.         Онц байдал зарлах, хүний эрхийг хязгаарлах бүрэн эрхийг зөвхөн УИХ-д олгох, онц байдал тогтоосон, хүний эрхийг хязгаарласан шийдвэрийн эрх зүйн хэлбэр нь зөвхөн хууль байх зарчмыг тусгах. (Хойшлуулашгүй тохиолдолд Ерөнхийлөгч онц байдал зарлах эрхтэй ч түүнийг нь УИХ хуулиар батлах)
5.         УИХ Ерөнхийлөгчийн онц байдал зарласан зарлигийг 72 цагийн дотор хэлэлцэж батлах, эсхүл хүчингүй болгох

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

Хууль тогтоомж, олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд
1.         Монгол улсын Үндсэн хууль. 1992 он
2.         Онц байдлын тухай Монгол улсын хууль. 1995 он
3.         Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль. 1998 он
4.         Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт. 1966 он

Ном сурах бичгийн хүрээнд
1.         Хүний эрх ба үндэсний аюулгүй байдал” Олон улсын симпозиумын эмхэтгэл, Уб., 1996 он
2.         Томас Буергентал. “Олон улсын хүний эрх” Уб., 2002 он
3.         Д.Солонго “Төрийн эрх зүйн тайлбар толь” Уб., 2003 он
4.         Б.Чимид “Үндсэн хуулийн үзэл баримтлал” хоёрдугаар дэвтэр. Уб., 2004 он
5.         ЮНЕСКО, Лиа Левин. “Хүний эрх” Уб.,2004 он
6.         Виктор Кондэ “Олон улсын хүний эрхийн нэр томъёоны гарын авлага” Уб.,2004 он
7.         Дэвид Бийтхам, Кэвин Бойел. “Ардчиллыг танилцуулахуй” Уб., 2005
8.         Б.Чимид “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” Уб., 2006 он
9.         ХЗҮХ, МУИС, Удирдлагын Академи, Шинжлэх Ухааны Академи, Нээлттэй Академи. “Үндсэн хууль ба эрх зүйт ёс” Уб., 2009 он

Бусад эх сурвалжийн хүрээнд
1.         Онц байдалтай холбоотой хүний эрхийн мониторинг хамгааллын эвсэл. “Баримтжуулалтын тайлан” Уб., 2008 он
2.         АНУ-ын төрийн департмент, АНУ, Канад судлалын нийгэмлэг “АНУ-ын Үндсэн хууль” Уб., 2000 он, 53-р тал
3.         www.legalinfo.mn
4.         www.forum.mn

[1] ЮНЕСКО, Лиа Левин. “Хүний эрх” Уб.,2004 он, 18-р тал

[2] Б.Чимид. “Үндсэн хуулийн үзэл баримтлал” хоёрдугаар дэвтэр, Уб., 2004 он, 12-р тал

[3] Дэвид Бийтхам, Кэвин Бойел. “Ардчиллыг танилцуулахуй” Уб., 2005, 96-р тал

[4] Монгол улсын Үндсэн хууль. 1992 он, 19 зүйлийн нэг дэх хэсэг

[5] Б.Чимид. “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” Уб., 2006 он, 82-р тал

[6] Derogable rights – Татгалзаж болох хүний эрх. Хүний эрхийн гэрээнд зааснаар онцгой нөхцөл, үргэлжлэх хугацааг зарласаны дагуу онцгой нөхцөл бий болсон хугацаанд хязгаарлаж болох хүний эрхүүд. Хүний салшгүй эрхээс бусад эрхийг хязгаарлаж болдог. Тухайлбал, ИУТЭОУП-ын 4-р зүйл.

[7] Дэвид Бийтхам, Кэвин Бойел. “Ардчиллыг танилцуулахуй” Уб., 2005, 107-р тал

[8] “Хүний эрх ба үндэсний аюулгүй байдал” Олон улсын симпозиумын эмхэтгэл, Уб., 1996 он, 76-р тал

[9] Дэвид Бийтхам, Кэвин Бойел. “Ардчиллыг танилцуулахуй” Уб., 2005, 107-р тал

[10] ХЗҮХ, МУИС, Удирдлагын Академи, Шинжлэх Ухааны Академи, Нээлттэй Академи. “Үндсэн хууль ба эрх зүйт ёс” Уб., 2009 он, М.Батсуурь, Ч.Өнөрбаяр “Эрх зүйт ёсны үүднээс үндсэн хуулийг авч үзэх нь” илтгэл 15-р тал

[11] Мөн тэнд

[12] Шударга бус хууль бол хууль биш.

[13] Томас Буергентал. “Олон улсын хүний эрх” Уб., 2002 он, 43-р тал

[14]  Хүний эрх ба үндэсний аюулгүй байдал” Олон улсын симпозиумын эмхэтгэл, Уб., 1996 он, 76-р тал

[15] АНУ-ын төрийн департмент, АНУ, Канад судлалын нийгэмлэг “АНУ-ын Үндсэн хууль” Уб., 2000 он, 53-р тал

[16] Absolute right facie - Үнэмлэхүй хүний эрх, аливаа гадны нөлөөнөөс үл хамааран хамгаалж болох цагт оршин байдаг эрх. Үүнийг хорих, хязгаарлах боломжгүй. Жишээ нь эрүүдэн шүүхээс ангид байх эрх. / эсрэг утга нь Prima right /

[17] ХЗҮХ, МУИС, Удирдлагын Академи, Шинжлэх Ухааны Академи, Нээлттэй Академи. “Үндсэн хууль ба эрх зүйт ёс” Уб., 2009 он, М.Батсуурь, Ч.Өнөрбаяр “Эрх зүйт ёсны үүднээс үндсэн хуулийг авч үзэх нь” илтгэл 15-р тал

[18] Б.Чимид. “Үндсэн хуулийн үзэл баримтлал” хоёрдугаар дэвтэр, Уб., 2004 он, 83-р тал

[19] Онц байдал гэдэг нь Улсын нутаг дэвсгэрийн буюу түүний зарим хэсэгт онцгой нөхцөл бий болсон үед онцгой нөхцөл, түүний үр дагаварыг арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгох зорилгоор иргэдийн эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрхийг хязгаарлаж, тэдэнд нэмэгдэ үүрэг хариуцуулан төрийн болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар тогтоосон эрх зүйн онцгой дэглэм

[20] Дайны (бүхий) байдал гэдэг нь Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд аюул занал учруулж, зэвсэглэн халдсан улс, түүний холбоотонтой албан ёсоор зарласан харилцааны онцгой хэлбэр.

[21] Зохист хэмжээнээс их

[22] Онц байдлын тухай Монгол улсын хууль., 1995 он, 17-р зүйл

[23] Мөн тэнд

[24] Онц байдлын тухай Монгол улсын хууль., 1995 он, 14-р зүйл

[25] Онц байдлын тухай Монгол улсын хууль., 1995 он, 19-р зүйл

[26] Онц байдлын тухай Монгол улсын хууль., 1995 он, 20-р зүйл

[27] Онц байдлын тухай Монгол улсын хууль., 1995 он, 5-р зүйл

[28] Онц байдлын тухай Монгол улсын хууль., 1995 он, 25-р зүйл

Tuesday, January 15, 2013